Ган гэж юу вэ? Ганг юу гэж ангилдаг вэ?

Ган гэж юу вэ?

Ямар нэгэн металл элемент дээр өөр нэг металл эсвэл металл бус элементийг хольж хайлшийг гаргаж авдаг билээ. Тэгвэл төмөр буюу Fe элементэд нүүрстөрөгчийг хольж гаргаж авсан хайлшийг Ган гэдэг юм. Гэхдээ гангийн хувьд нүүрстөрөгч нь хамгийн ихдээ 2.11 хувь нүүрстөрөгч агуулагдсан байдаг юм. Харин 2.11 хувиас дээш нүүрстөрөгч агуулагдсан байвал ширэм гэдэг юм. Гангийн ширэмнээс ялгарах онцлог нь хэлбэржүүлэн боловсруулж болдогт оршдог юм.

Ган гэдэг нь өөрөөр хэлвэл Төмөр болон нүүрстөрөгчийн хайлш бөгөөд энэхүү хайлш дээр өөр элементүүдийг нэмж боловсруулснаар гангийн бат бөх чанар, зэврэлтэнд тэсэх шинж чанар, хэлбэржүүлэх буюу токор CNC презер гэх мэт өөр тоног төхөөрөмжинд боловсруулж болох шинж чанар, мөн гагнагдах шинж чанартай болгох гэх мэт олон янзын шинж чанартай болгож үйлдвэрлэдэг. Жишээлвэл европын холбооны гангын бүртгэлд нийт 2500 гаруй гангийн төрөл бүртгэгдсэн байдаг байна.

Гангийн ангилал

Ганг ерөнхийд нь Чанаржуулсан болон нүүрстөрөгчит гэж ангилдаг. Нүүрстөрөгчит ганг нүүрстөрөгчийн агууламжаар нь, зориулалтаар нь, баталгаажилт болон исэлгүйжүүлэлтээр нь ангилдаг үүнд:

Нүүрстөрөгчийн агууламжаар нь:

  • Бага нүүрстөрөгчтийн агууламжтайг ган (0.1-0.3 хувь)
  • Дунд нүүрстөрөгтийн агууламжтай ган (0.3-0.6 хувь)
  • Их нүүрстөрөгчийн агууламжтай ган (0.6-1.3 хувь)

Зортиулалтаар нь:

  • Ердийн зориулалтийн
  • Хийцийн ган
  • Багаж хэрэгслийн ган

Нүүрстөрөгчийн баталгаажилтаар нь:

  • Химийн найрлагын баталгаатай
  • Механик шинж чанараар баталгаатай
  • Хими механик шинж чанараар баталгаатай

Нүүрстөрөгчийн исэлгүйжүүлэлтээр нь:

  • Тайван
  • Хагас тайван
  • Буцламтгай

Мөн Хийцийн ганг:

  • Цементацлагдах ган
  • Сайжруулагдах ган
  • Өндөр чанартай ган

гэх мэт ангилдаг бол Чанаржуулсан ганг:

  • Зэврэлтэд тэсвэртэй ган (зэвэрдэггүй ган)
  • Дулаанд тэсвэртэй ган
  • Элэгдэлд тэсвэртэй ган гэх мэт ангилж болно.

Дээр дурдсанчилан 2500 гаруй гангийн төрөл байдаг бөгөөд бүгд хаан ашиглагдахаас шалтгаалж янз бүрийн механик үзүүлэлттэй байдаг бөгөөд химийн найрлагын хувьд ч гэсэн элементүүдийн хувьд ч гэсэн янз бүр байдаг байна. Мөн боловсруулагдаж буй аргаар нь ч гэсэн янз бүрийн механик үзүүлэлттэй болгож болдог юм. Бидний эргэн тойронд байдаг төмөр гэж яригддаг бүх зүйлс нь үнэндээ бол ган эсвэл ширэм юм. Төмөр гэдэг нь нүүрстөрөгч агуулагдаагүй цэвэр дангаараа байгаа элемент юм. Цэвэр төмөр нь боловсруулагдах боломжгүй хэт зөөлөн байдаг байна. Тийм болохоор нүүрстөрөгч болон бусад элементүүдийг нэмж ашиглах боломжтой болгож авдаг юм. Аливаа улс орны хөгжил нь ган боловсруулахаас эхэлдэг гэж хэлж болно. Яагаад гэвэл ган боловсруулж чадсанаар бидний эргэн тойрон дахь бүх төмөр гэж яригддаг зүйлсийг гаднаас оруулалгүйгээр дотооддоо үйлдвэрлэх эхлэл тавигдах юм. Манайд одоогооор Бэрэн груп, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх мэт томоохон гангын үйлдвэрүүд байдаг боловч энэ нь хангалтгүй хэвээрээ л байна.

Сэтгэгдэл нэмэх