Ширэм гэж юу вэ? Төмрийн хайлш мөн үү?

Ширэм гэж юу вэ гэвэл төмрийн хайлшийн нэг бүлэг бөгөөд нүүрстөрөгчийн эзлэх хувь нь 2,11-ээс 6,67 хувь байдаг. Өөрөөр хэлвэл доорх төмөр нүүрстөрөгчийн диаграмд (Fe-C diagram) Cast iron гэж тэмдэглэгдсэн хэсэг юм .

Ширмэн дэхь өндөр нүүрстөрөгчийн агууламж нь хэврэг байдлыг үүсгэдэг тул ихэнхдээ 4.4% хүртэлх нүүрстөрөгч, 3.5% хүртэл цахиур агуулсан Fe-C-Si хайлш өргөн хэрэглэгддэг. Төмөр дотор ууссан нүүрстөрөгч нь 2.11 хувиас их агуулгатай болохоор давтагдахгүй, сунахгүй, амархан бутардаг болдог.

Ширэм нь ганг бодвол бат бөх шинж чанараараа муу хэврэг боловч хямдхан бас цутгуурын аргаар янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулахад хялбар байдаг. Ямар ч ширэмний шинж чанарыг зохих хайлш, сайн цутгах удирдлага, тохирох илчийн боловсруулалтын тусламжтайгаар маш өргөн хүрээнд өөрчлөх боломжтой.

Ширэм хаана юунд хэрэглэдэг вэ?

Ширмээр маш олон зүйл хийдэг бөгөөд үүний хамгийн энгийн жишээ нь автомашины доод эд анги гэж ярьдаг блокууд юм. Ширэм нь нүүрстөрөгчийн агууламж өндөр бөгөөд халахаараа амархан тэлдэггүй, хөрөхөөрөө амархан агшдаггүй учраас автомашины доод эд ангийг ширмээр хийдэг. Бусад жишээ:

  • Ширэм нь химийн идэвх багатай учраас бохирын хоолойны шугамыг ширмээр хийдэг байсан.
  • Ширмэн тогоо, ширэм нь хайруулын таваг амьдралд маш өргөн хэрэглэгддэг.
  • Помпны гаднах хамгаалалтын эд анги
  • Гүүр, бохирын шугамны таг … гэх мэт.
ширэм нь хайруулын таваг
ширэм мотор блок
ширэм нь гүүр

Ширэм юу гэж ангилагддаг вэ?

Цагаан ширэм: Ширмэн дэх нүүрстөрөгч нь цементит төлөв байдалтай байвал цагаан ширэм гэж нэрлэдэг.

Саарал ширэм: Ширмэн дэх нүүрстөрөгч нь бүгдээрээ эсвэл ихэнх нь графит хэлбэртэй байвал саарал ширэм гэж нэрлэдэг.

Энэ ширэм нь хугарлаараа бүдэг саарал өнгөтэй байх учир ийм нэртэй болсон. Саарал ширэм нь цагаан ширмийг бодвол хатуулаг бага зорогдохдоо сайн шахалтын ачаалал цуцалтын бат бөх сайн боловч уян налархай цохилтын бат бөх муу байдаг.

Саарал ширмийн нүүрстөрөгчийн агуулгаас хамаарч эвтектиодын өмнөх (2,14-4,3%С) эвтектиод (4,3%) эсвэл эвтектиодын дараах (4,3-6,67%) гэж ангилна.

Өндөр бат бөхтэй ширэм: Энэ ширмэн дэх нүүрстөрөгч нь үрэл хэлбэртэй байх тул металл сууриа эвддэггүй ан цав байхгүй тул хангалттай налархай зуурамтгай бат бөхтэй байдаг. Гарган авахдаа 2.7-3.5% нүүрстөрөгчтэй шингэн ширэм дээр 0.03-0.07% хүртэл магни хийгээд дараа нь цахиурт төмөр хийж нүүрстөрөгчийг үрэл хэлбэртэй болгодог.

Давтагдах ширэм: Энэ ширмийг 2.5-3% нүүрстөрөгч, 0.7-1.5% цахиур агуулсан цагаан ширмийг өндөр температурт уярааж цементитийг графитлах замаар гарган авдаг. Давтагдах ширэм нь саарал ширмийг бодвол уян налархай, зуурамтгай чанарын утга нь илүү өндөр байдаг тул давтагдамтгай нэр авсан.

Чанаржуулсан Чанаржуулсан ширэм: Ширмийг хром, ванади, молебдин, никель, титан, хар тугалга, фосфор зэрэг элементүүдээр чанаржуулсан механик, технологи, химийн шинж чанарыг нь өөрчилж болно. Чанаржуулсан элементүүдийн агуулгаар нь бага, дунд , их гэж ангилдаг. Чанаржуулсан ширмийг элэгдэлт, зэврэлт, халуунд тэсвэртэй гэж 3 ангилна.

Add Comment